Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд эхний Дэд бүтцийн төв ашиглалтад орлоо.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/698, А/902 дугаар захирамжаар Дэд бүтцийн төвийн инженерийн шугам сүлжээний угсралтын ажил, Дэд бүтцийн төвийн авто зам, тохижилт, гэрэлтүүлгийн ажлын зураг төсөл, барилга угсралтын гүйцэтгэгч нарыг сонгон шалгаруулахаар газрын даргын 2018 оны А/25, А/26 дугаар тушаалаар үнэлгээний хороо байгуулагдаж нээлттэй тендерийг 2018.08.21, 2018.08.28-ны өдрүүдэд зарлаж хянан үзсэний дагуу Термомастер ХХК шалгарч, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт анхны Дэд бүтцийн төв төслийн ажлыг хийж хэрэгжүүллээ.

Дэд бүтцийн төв нь  3 давхар барилгатай, шугам сүлжээний ажлын хүрээнд 1825м урт 85ш дулааны худаг, 1868м урт 92ш бохирын худаг, дулаан болон цэвэр, бохирын усны шугам хийгдэж, Хувьсгалчдын Г-ийн 11, 12, 13, 14, 15 дугаар гудамжны 220 нэгж талбар айлд холбож, 220 янданг буулгалаа. Мөн цахилгааны 0,4 кВТ-ын шугамын ажил 1200 м хийгдсэн. Дэд бүтцийн төвтэй холбогдсон гудамжинд авто зам, гэрэлтүүлэг, дугуйн замыг цогцоор шийдэж, камержуулалт хийгдэж, ногоон байгууламж хийж тохижууллаа.

2019 оны 11 сарын 12-ны өдөр Дэд бүтцийн төвийн нээлт хийгдэж, нээлтийн ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, БХБЯ-ны сайд Х.Баделхан, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, НИТХ-ын төлөөлөгч С.Батсүмбэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон 7 дугаар хорооны Засаг дарга, хорооны оршин суугчид оролцлоо.